Мьянмарын арми өнгөрсөн сард Японы сэтгүүлчийг баривчлан саатуулж, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгаад байсан юм. Тэгвэл уг сэтгүүлчийг хоёр улсын харилцан тохиролцооны үндсэн дээр суллах шийдвэр гарчээ.
Юки Китазуми нь өнгөрсөн хоёрдугаар сард Мьянмарын цэрэг арми төрийн эргэлт хийсний дараа баривчлагдсан анхны гадны сэтгүүлч юм. Түүнийг ноцтой хууль зөрчсөн гэж буруутгасан ч Японы Засгийн газрын хүсэлтээр суллахаар болжээ. Төрийн эргэлт гарснаас хойш тус улсад 800 орчим иргэн алагдаж, олон мянган хүн саатуулагдсан.
Китазумийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Янгон дахь гэртээ байхад нь цагдаагийн тусгай ажиллагаа явуулж баривчилжээ. Түүнийг гэм буруутайг шүүхээр тогтоосон тохиолдолд гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх байсан юм. Тэрээр Мьянмарт болж байгаа үйл явдлыг мэдээлж буй цөөн гадны сэтгүүлчдийн нэг бөгөөд Японы томоохон мэдээллийн агентлагуудад мэдээ сурвалжлага бэлтгэдэг чөлөөт уран бүтээлч ажээ.
Төрийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг дэмжсэн нэр алдартай уран бүтээлчид, цахим одууд зэрэг олон хүмүүсийг цэргүүд баривчлан саатуулсан. Одоогоор тус улсад хэвлэл мэдээллийн салбарын 80 гаруй ажилтныг барьж саатуулсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.