АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн захирал доктор Рошель Валенский Цагаан ордонд хийсэн мэдэгдлийн үеэр вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд дотор болон гадна амны хаалт зүүх шаардлагагүй гэдгийг мэдэгджээ.
Үүнийг сонссон Ерөнхийлөгч Жо Байден Америкт гайхалтай өдөр ирлээ хэмээн баяртайгаар мэдэгдэж, амны хаалтаа тайлсан байна. АНУ-д автобус, онгоц, эмнэлэг зэрэг хүн олноороо цугласан газарт заавал амны хаалт зүүх дүрэм мөрдөгдөж байгаа юм. Америк цар тахлыг даван туулж, халдварт өвчин тархахаас өмнөх амьдралдаа эргэн орж эхэлснийг харуулах бас нэг үйл явдал нь ирэх намар сургуулиуд бүрэн нээгдэх ажээ.
Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчөөс гадна дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бусад албаныхан амны хаалт зүүгээгүй байна. Одоогоор АНУ-ын 300 сая гаруй хүн амын 35 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Ирэх долдугаар сарын 4-ний АНУ-ын Тусгаар тогтнолын баяр гэхэд хүн амынхаа 70 хувийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.