Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 14-ний баасан гарагийн 09.00 цагаас эхлэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илтгэснээр хаалттай хэлэлцэж байна.
Хэдийгээр хэргийг нууцаас гаргахаар болсон ч прокурорын дүгнэлт маш нууц гэсэн дардастай ирсэн учраас ийнхүү хаалттай хэлэлцэж буй юм. Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн юм.
Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэх заалтыг үндэслэсэн аж.
Дээрх гурван хүнийг хаалттай хорих ангид 20 жил ял эдлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн билээ. Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү хэлэлцсэнээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргавал дээрх хүмүүсийг батлан даалтад өгөх, эсэхийг тухайн үед нь анхан шатны шүүх шийдвэрлэх юм.
Шүүх хурал эхлэх үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах санал гаргасан ч хүлээн авалгүй үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хэргийг хэлэлцэж буй таван шүүгчээс өмгөөлөгч нар татгалзах санал гаргасан шалтгаан нь тэдний зарим нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гэм буруутай, эсэхийг эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотойг эх сурвалжууд мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.