УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж.
Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгааг төслийн танилцуулгад дурдав.
Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20.032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13.356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.