Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус аймагт коронавирусийн нөхцөл байдал, вакцинжуулалт ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авлаа.
Тус Нэгдсэн эмнэлгийн байранд аймгийн Эрүүл мэндийн газар, хоёр өрхийн эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв болон коронавирусийн тасаг нэгэн дор үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний улмаас байр байгууламжийн хүрэлцээний асуудал тулгараад байгаа эмнэлгийн удирдлагууд Ерөнхий сайдад уламжлан хүргэсэн юм.
Мөн Сэлэнгэ аймгийн вакцинжуулалтын хөтөлбөр 94 хувьтай явж байгааг тэмдэглэв. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын тарьсан вакцин бүрт олгох 5,000 мянган төгрөгийн урамшуулал буюу Сэлэнгэ аймгийн 348 сая төгрөгийн эхний санхүүжилт өнөөдөр орсон болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сэлэнгэ аймгийн вакцинжуулалт сайн явж байна. Сэтгэл хангалуун байна. Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд ажиллан, вакцинжуулалтыг гүйцэтгэж байгаа эмч нар гүйцэтгэлээрээ урамшуулал авах болсон нь зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн газар дээр нь ажиллаад үзэхэд иргэдийн авах 50,000 төгрөгийн урамшуулал нь үр дүнгээ өгсөн гэж харж байна. Хөдөө орон нутагт дархлаажуулалтын ажил туйлын идэвхтэй явагдаж байгаа бөгөөд Засгийн газрын бодлогын хэрэгжилт сайн байна. Нэгдсэн эмнэлгийн байрны асуудлын хувьд зураг төсөлтэй нь танилцсаны дараа улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ" хэмээн ярьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.