АНУ-ын Охайо мужид вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд таван иргэнийг тус бүр сая ам.доллараар урамшуулах сугалаат аян зарлажээ. Азтанг долоо хоног бүрийн лхагва гарагт Охайо Лоттери хонжворт сугалаагаар тодруулах юм байна.
Таван долоо хоногийн турш тодруулах азтан коронавирусийн вакцины багадаа нэг тунг хийлгэсэн байх шаардлагыг тавина. Уг хонжворт аянд тус мужийн 18-аас дээш насны иргэн бүр оролцох боломжтой ажээ. Энэ тухай мужийн захирагч Майк Девайнь мэдэгджээ.
Нийт таван сая ам.долларын шагналын санг холбооны коронавирусийн үеийн багц тусламжийн сангаас гаргах юм байна. "Уг мэдээг сонссон олон хүн мужийн захирагчийг сая сая ам.долларыг дэмий зүйлд гарзадлаа хэмээн шүүмжилж болох ч бодит байдал дээр цар тахал жинхэнэ гарз хохирол учруулж байна, тиймээс вакцин хийлгэх боломжтой хүн бүр дархлаажуулалтад хамрагдах ёстой" хэмээн Майк Девайнь хэлжээ.
Эх сурвалж: CBS News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.