АНУ-ын эрх баригчид Умард Солонгост коронавирусийн вакцин санал болгон, дипломат яриа хэлэлцээр эхлүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч Пхеньяны талаас уг саналыг хүлээж авах магадлал маш бага гэж шинжээчид үзэж байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун чанга хатуу хорио цээрийн дэглэмийг тогтоон, бүх хүмүүнлэгийн тусламжаас татгалзаад байгаа билээ. Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар БНАСАУ-д төрөл бүрийн давуу талыг үзүүлэх тактик хэрэглэж байгаа хэдий ч Вашингтонтой ижил тэгш байр суурьтай байхыг эрмэлздэг Умардын тал АНУ-аас вакцин авахыг хүсэхгүй гэж мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Ким Жон Ун коронавирусийн цар тахал дуусахаас нааш АНУ-тай харилцаа холбоо тогтоохгүй гэж үзсэн Жо Байдены засаг захиргаа "Вакцины тусламжаар дамжуулан дипломат харилцааны эхлэлийг тавих боломжтой" хэмээн албан ёсны тайландаа дурджээ.
Харин Умард Солонгос судлалын профессор Нам Сун Вук "БНАСАУ-д Америк болон Барууны бараа бүтээгдэхүүний эсрэг гүн гүнзгий үл итгэсэн хандлага байдаг. Ким Жон Уны дэглэм АНУ-ын эсрэг үзэл суртлыг ард түмэндээ хэрхэн сурталчилж байгааг харахад тус улсаас вакцин хүлээж авах нь боломжгүй зүйл гэдэг нь тодорхой. Умард Солонгост БНХАУ эсвэл ОХУ-ын вакцин гэх мэт өөр сонголтууд байхад яасан ч Барууны орнуудын бүтээсэн вакциныг сонгохгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: The Korea Times