Улсын Их Хурлын өнөөдрийн /2021.05.13/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцэж байна.
Манай Улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан.
Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр:
- 2018 онд 1 хувиар,
- 2019 онд 0.5 хувиар,
- 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж,
- 2021 оны 7 дугаар сарын 1-нээс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байна.
Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахал дэгдэн эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ
Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна.
Хуулийн төслийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөс нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.