Дэлхийн удирдагчдын бараг тэн хагас нь Ерөнхийлөгч Жо Байдентай холбоо барьж, АНУ-аас коронавирусийн эсрэг вакцины тусламж хүсжээ.
Жо Байден АНУ-ын мужийн захирагч нартай хийсэн цахим уулзалтынхаа үеэр "Дэлхийн бүх улс орон вакцины үйлдвэрлэл болон хангамжийн дутмаг байдлынхаа асуудал дээр биднээс тусламж хүсэж байна. Дэлхийн удирдагчдын бараг 40 хувь нь надтай утсаар холбогдон, туслалцаа хүссэн. Бид тэдэнд тусалж чадах эсэхийг мэдэхгүй ч хичээх болно" хэмээн ярьжээ.
Тэрээр аль улс орнууд тусламж хүссэнийг нэрлээгүй юм. Гэхдээ АНУ-д коронавирусийн вакцины илүүдэл үүсээд байгаа бөгөөд үүнийг дэлхийн бусад улс орнуудтай хуваалцах ёстой гэсэн шүүмжлэл олон улсад өргөн тархаад байгаа билээ. Тэр дундаа Энэтхэг зэрэг хүнд хэцүү нөхцөл байдалд орсон улс орнууд томоохон хэмжээний тусламж эрэлхийлж байгаа юм.
Ерөнхийлөгч Байден өнгөрсөн сард "АстраЗенека" вакцины 60 сая тунг бусад улс оронд тараана гэж амласан бөгөөд үүний дунд Энэтхэг улс багтсан билээ. Үүнээс өмнө Цагаан ордноос 4 сая тун "АстраЗенека" вакциныг хөрш Мексик, Канадад зээлээр олгож байгаагаа мэдэгдсэн.
Жо Байден америкчуудыг вакцинжуулах ажлыг урьтал болгохоо дахин онцолсон хэдий ч "Бид бусад улстай хамтарч ажиллах болно. Вирусийн шинэ хувилбарууд гарсаар байгаа тул энэ ч мөн чухал асуудал" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: AFP