Израйлийн агаарын хүчин Газын зурвас дахь 13 давхар өндөр цамхгийг бөмбөгдсөний дараа Палестины тал Тель-Авив хот руу 130 гаруй удаа пуужин харважээ. Хоёр талын мөргөлдөөний улмаас нас барсан иргэдийн тоо 38 болж нэмэгдсэн тухай мэдээлэв.
Газын зурвас дахь өндөр барилга руу агаараас довтлох үед оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг шаардсан байна. Палестины талаас олон зуун пуужин харвасны уршгаар Израйлийн нутагт багадаа гурван хүн нас барсан бол Израйлийн агаарын дайралтад Палестины 30 гаруй иргэн амиа алджээ.
Олон улсын хамтын нийгэмлэг, өрнөдийн орнуудын зүгээс талуудыг харилцан галаа зогсоохыг уриалаад байгаа юм. Гэвч Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Палестины Хамас бүлэг сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа Иерусалемд пуужин харваснаар улаан шугамыг давсан тул зэр зэвсгийн хүчээр хариу барина гэдгээ анхааруулсан.
Иерусалем хотын зүүн хэсэгт амьдардаг палестинчуудыг хөөн гаргахыг оролдсоноос бослого тэмцэл эхэлж, Израйлийн аюулгүйн хүчний цэргүүд болон Палестины жагсагчдын дунд мөргөлдөөн гарч олон зуун хүн гэмтэж шархадсан. Энэ долоо хоногийн эхэнд үүссэн зөрчил мөргөлдөөн нь 2017 оноос хойш анх удаа талууд харилцан пуужин харваж, агаараас дайралт хийсэн явдал болж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.