Португалийн Лиссабоны нисэх онгоцны буудалд саатуулагдаж байсан украин цагаачийг хөнөөсөн Цагаачлалын албаны гурван байцаагчид 7-9 жилийн хорих ял оноожээ.
Ихор Хоменюк гэх 40 настай украин эрэгтэйд эрүүл шүүлт тулгаж, бие махбодод нь хүнд гэмтэл учруулан, улмаар аминд нь хүрсэн гурван байцаагчийн хоёр нь есөн жилийн хорих ял авсан бол үлдсэн нэг нь долоон жилийн ял сонссон байна. Лиссабоны шүүхийн тогтоосноор эдгээр байцаагчид хохирогчийг гавлан, бороохойгоор цохин, өшиглөж, хавиргыг нь хугалсан бөгөөд амьсгалыг нь боогдуулан, хөнөөсөн аж.
Хоменюк 2020 оны 3 дугаар сард хүчинтэй визгүйгээр Португал руу нэвтрэхийг оролдсон бөгөөд эх орон руугаа буцах нислэгт суухаас татгалзсаных нь дараа түүнийг саатуулсан байна.
Түүний үхэл Португал даяар шуугиан дэгдээж, тус улсын Цагаачлалын албаны даргыг огцруулахад хүргэсэн аж. Түүнчлэн тус албаны бүтцийн өөрчлөлтийг яаравчлан хэрэгжүүлэхэд хүргэжээ.
Талийгаач Ихор Хоменюкийн эхнэр, хоёр хүүхэд нь Украинд амьдардаг бөгөөд өнгөрсөн жил Португалийн Засгийн газраас тэдэнд 700 мянга гаруй евро буюу 850 мянган ам.долларын нөхөн олговор төлсөн байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ardchilsan orni zasag iim bdag yum bna