АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель, гэр бүл нь хамгийн дотны “жинхэнэ сайн найз”-аа алдсандаа эмгэнэл илэрхийлжээ. Обамагийн гэр бүлийн тэжээсэн анхны нохой Бо хорт хавдрын улмаас бямба гарагт нас баржээ.
Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай асан Обама нар өөрсдийн Инстаграм хуудсандаа Бог алдсан тухайгаа хуваалцсан байна. Ингэхдээ Бо чанга дуугаар хуцдаг байсан боловч нэг ч удаа бусдыг хазаж үзээгүй, усан санд орох дуртай, хүүхдүүдэд маш их хайртай, оройн зоогийн ширээг бусниулагч, гайхалтай үстэй амьтан байсан хэмээн дурсжээ.
Бо нь Португалийн усны нохойн үүлдэр бөгөөд сенатч агсан Эдвард Кеннеди Обамагийн гэр бүлд бэлэглэж байжээ. Барак 2008 оны сонгуулийн дараа Малиа, Саша хоёр охиндоо нохой авч өгнө гэж амласан байсан бөгөөд Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол дэмжигч байсан Кеннеди охиддоо амлалтаа биелүүлэхэд нь тусалсан байна. Үүний дараа 2013 онд Санни нэртэй нохойг дахин үрчилж авчээ.
Бо, Санни хоёр Цагаан ордны эргэн тойронд ихээхэн танил болсон бөгөөд олон нийтийн арга хэмжээнд Обамагийн гэр бүлтэй цуг явж, тэдний гэр бүлийн нэгээхэн хэсэг болсон юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.