ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Вакцин хийлгэсэн юм чинь гээд хуурамч тайвшрал үүсгэж болохгүй. Хөдөлмөрийн идэвхтэй 20-50 насны хүмүүс халдвараар хамгийн их өвчилж байна. Ингэснээр ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэл байна. Вакцины дараах тайвшрал үүссэнээр дахин халдварын том давлагаа үүсэх эрсдэл байгааг иргэд анхаарах хэрэгтэй.
Коронавирусийн эсрэг дархлаа хүн бүрд харилцан адилгүй, хүн бүрд ялгаатай дархлаа тогтоно. Цаашид 4000 хүн коронавирусийн улмаас нас барах эрсдэлтэй. Тиймээс ирэх хоёр сарын хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж чадвал Монгол Улс ажил, амьдралаа хэвийн горимд оруулах боломжтой.
Иргэдийн зүгээс хөл хорио тогтоосон байж яагаад халдварын тоо буурахгүй байна вэ гэж асууж байна. Манай улстай адил хөл хорио болон дархлаажуулалтыг зэрэг авсан Израиль улсын жишээг авч үзэхэд хөл хорио, дархлаажуулалтыг хэрэгжүүлснээр тохиолдлын тоо шууд багасаагүй. Хамгийн багадаа дөрвөн сарын болж байж халдварын тоо шууд буурсан байна. Иймд хөл хориог үр дүнтэй байлгахын тулд тодорхой хугацаанд хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж янз бүрийн уулзалт, цуглаан хийхгүй байх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.