АНУ-ын хамгийн том шатахуун дамжуулах систем цахим халдлагад өртсөний дараа тус улсын Засгийн газар онц байдал зарлалаа. Тус улсын зүүн эргийн шатахууны ханган нийлүүлэлтийн 45 хувийг хангадаг Колонийн хоолой өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт цахим халдлагад өртсөнөөс хойш хоёр хоногийн дараа буюу ням гарагт онц байдал зарлах шийдвэрийг гаргасан байна.
Колонийн хоолой нь өдөрт 2,5 сая баррель газрын тос, шатахуун, онгоцны түлшийг нийлүүлдэг байна. Цахим халдлагын дараа үйл ажиллагаа нь бүрэн унтарсан бөгөөд сэргээн засварлах ажил одоо ч явагдаж байгаа ажээ. Онц байдлын хүрээнд нэн шаардлагатай түлш, шатахууныг автозамаар тээвэрлэх боломж нээгдэнэ.
Зүүн эргийн шатахууны хэрэгцээний тэн хагас орчмыг нийлүүлдэг дамжуулах хоолойн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор даваа гарагт түлш, шатахууны үнэ 2-3 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна. Хэрэв сэргээн засварлах ажил удаан хугацаанд үргэлжилбэл үүнээс ч илүү алдагдал үүснэ гэж үзжээ.
Олон талын эх сурвалжууд уг халдлагыг DarkSide цахим сүлжээнээс зохион байгуулсан гэх таамгийг дэвшүүлжээ. Хакерчид 100 гегабайт бүхий дата сүлжээг барьж, мэдээллийг түгжиж, барьцаа хөрөнгө шаарджээ. Хэрэв тэдний шаардсан барьцааг төлөхгүй бол мэдээллийг интернэтэд цацахаар сүрдүүлсэн байна.
Колонийн хоолойн мэргэжилтнүүд хууль хяналтын байгууллага, Эрчим хүчний яам, цахим аюулгүй байдлыг хамгаалах шинжээчидтэй хамтран сервисийн үйл ажиллагааг дахин сэргээхээр ажилласаар байна. Дамжуулах хоолойн үйл ажиллагаа бүхэлдээ зогссоноор Техаст их хэмжээний шатахуун, түлш, шингэн гацаад байна.
Онцгой байдлын хүрээнд газрын тос, шатахууныг Нью-Йорк руу тээвэрлэх боломжтой ч дамжуулах хоолойн үйл ажиллагаатай дүйцэх хэмжээний хангалттай шатахууныг хэрэгцээтэй газарт хүргэх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Улмаар Нью-Йорк, Атланта, Теннессид шатахууны хомсдол нүүрлэхээр болж байна.
Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор инженерүүд хяналтын системийг гэрээсээ хянаж, удирдаж байгаа нь хамгаалалтыг сулруулж, үүнийг ашиглан хакерчид дата сервист нэвтрэхэд илүү хялбар болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.