БНХАУ-ын Лонг Марч 5Б пуужин сансар судлалын байнгын станцын их биеийг дэлхийн тойрог замд амжилттай оруулсны дараа өндөр, хяналтаа алдаж эх дэлхийд эргэж унах тухай сансар судлаачид анхааруулаад байсан. Тус пуужин Бээжин, Мадрид, Нью-Йорк зэрэг хүн ам шигүү оршин суудаг газарт унаж болзошгүй хэмээн сэрэмжлээд байсан ч хэзээ хаана унах нь тодорхойгүй байсан юм.
Тэгвэл Хятадын пуужингийн хаягдал өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн далайд унасан талаар тус улсын сансрын агентлаг мэдээлжээ. Пуужин дэлхийн агаар мандалд нэвтрэх үед эвдэрч, бутарсан ч үлдэгдэл нь Мальдив улсын баруун талд Энэтхэгийн далайн усанд ням гарагт унасан байна.
Бээжингийн цагаар ням гарагийн өглөө 10:24 минутад Лонг Марч дэлхийн агаар мандалд нэвтэрчээ. 18 тн жинтэй пуужингийн хог хаягдал ямар нэг гарз хохирол учруулаагүй байна. АНУ-ын сансрын удирдлагын газар пуужин Арабын хойгийн дээгүүрх агаар мандалд нэвтэрснийг хэлсэн ч унасан цэгийг баталгаажуулаагүй ажээ. Мөн хог хаягдал далай тэнгисийн ус, хуурай газрын алинд унасан нь тодорхойгүй гэсэн байна.
Хятадын пуужин эргэн дэлхийд унах тухай мэдээлэл гарсны дараа барууны орнууд, тэр дундаа АНУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл илгээж, сансрын судалгаанд идэвхтэй оролцож байгаа улс орнууд эх дэлхийн өмч хөрөнгө, ард иргэдэд аюул учруулж болзошгүй эрсдэлийг бууруулах ёстой хэмээн анхааруулсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.