Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, өнөөдрөөс эхлэн иргэдэд зарим төрийн үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа билээ. Ингэхдээ иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг зарим хэлтсийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна байрлуулж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, үйл ажиллагаа явуулахаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос төлөвлөөд байгаа аж.
Тухайлбал:
Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс,
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,
Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,
Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүд тус тус гадна байрлаж ажиллах юм.
Гадна байрлаж ажиллах байшингийн хувьд Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвөөс хийсэн "Баянзүрхэд үйлдвэрлэв" байшинд ажиллах аж.
Яагаад гадна ажиллаж байгаа шалтгааныг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тодруулахад:
"Халдвар судлаачдын хэлж буйгаар коронавирусийн халдвар нь битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгаа нь тогтоогдсон. Тиймээс нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаарт төрийн алба хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, гуравдугаарт төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор иргэдийн хамгийн их төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулсан. Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй" хэмээн тэмдэглэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.