Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинжуулалтад хэрхэн хамрагдах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, хэрэгжиж эхэлсэн.
Огт вакцин хийлгээгүй байхдаа халдвар аваад, эдгэрсэн хүмүүс батлагдсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа вакцины нэгдүгээр тунгаа тариулах боломжтой. Харин хоёрдугаар тунгаа тухайн хамрагдсан вакциныхаа зааврын дагуу тариулах юм.
Вакцины нэгдүгээр тунгаа тариулсныхаа дараа халдвар аваад, эдгэрсэн иргэд мөн батлагдсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдана. Тэгвэл вакцины хоёр тунгаа тариулаад халдвар авсан хүмүүсийн хувьд вакцинд дахин хамрагдах шаардлагагүй.
Мөн халдвар авсан нь батлагдсаны дараа 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээрх журмын дагуу вакциндаа хамрагдана.
Өнгөрсөн бямба гарагт Монгол Улс даяар нийт 50,855 иргэн дархлаажуулалтад хамрагдсан. Улаанбаатар хотод 888,354 хүн вакцины нэгдүгээр тунгаа тариулаад байгаа бол 473,941 хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Харин хөдөө, орон нутагт 648,361 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад байгаа бол 143,967 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.
Ингэснээр улсын хэмжээнд 1,536,715 хүн нэгдүгээр тундаа хамрагдан, 617,908 хүн хоёрдугаар тундаа хамрагдсан гэсэн үг юм.
Архаг, суурь өвчтэй болон эмнэлзүйн шинж тэмдгийн улмаас вакцинаа тариулж чадаагүй иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Гуравдугаар төв эмнэлэг дээр очин, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Эдгээр тусгай цэгийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг үнэлэн, вакцин тарих нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна" гэв.