МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нэг намаас нэг л хүн нэр дэвших хуультай. Ардчилсан нам хоёр хуваагдан хоёр хүн нэр дэвшүүлчихээд зарим гишүүд нь төв талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Намын асуудал бус төрийн асуудал болгох зорилгоор өлсгөлөн зарлаж байгааг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. Энэ нь Монгол төрийн асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд оролцоно гэдэг нь эдгээр хүмүүсийг ичгэвтэр харагдуулж байна. АН-аас сонгогдож ерөнхийлөгчөөр ажиллаж байсан одоо ажиллаж байгаа эрхмүүд болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын АН-ыг булаацалдсан зодоон нь өнөөдөр энэ түвшинд хүргэлээ.
Тэд МАН дарангуйлал тогтоох гэж байна гэж улс төр хийх болжээ. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ болж байна. Төв Азийн цээжинд Ардчилсан орон хэмээн гайхагдаж яваа Монгол нэг намын дарангуйлалд орох ямар ч боломжгүй. Бид шинэ үеийн улстөрчид. Шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас илүү чухал. Энэ төлөвшлийг бий болгоход АН ч гэсэн чухал үүрэгтэй. Тиймээс АН-ыхан нам дотроо асуудлаа шийд" гэлээ.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: “АН хоёр хүн нэр дэвшүүлчихээд ямар нэгэн улс төрийн хүчнийг шийдэж өг гэж хандаж болохгүй. Анхнаасаа хоорондоо учраа олоод нэг хүнийг л нэр дэвшүүлсэн бол төв талбайд өлсгөлөн зарлах дээрээ тулахгүй байсан. АН хоорондоо л учраа олцгоо. Үүнд хэн нэгэн буруутанг хайх шаардлагагүй. АН олонх байсан жилүүдэд МАН-д бүлэг байгуулж өгдөггүй байсан. Байнгын хорооны хуралдаан дээр ирэхэд “Ч.Хүрэлбаатар аа, яах гэж ирсэн юм бэ” гэж даапаалдаг байсан. Энэ үеэ мартчихсан юм уу. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа индэр дээрээс “Хууль хамаагүй” гэж хэлж байсан, үүнийг бас мартсан уу. Covid-19 цар тахалтай, сонгууль дөхсөн хүнд үед ийм явуургүй улс төр хийж буйд харамсаж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.