Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын нийт 155.9 сая тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн хүн амын 50 хүн тутмын нэг нь цар тахлаар өвчилсөн гэж ОХУ-ын "ТАСС" агентлаг тооцоолжээ.
НҮБ-ын Хүн амын сан 2020 оны дунд үеэр дэлхийн нийт хүн амыг 7 тэрбум 795 сая гэж тооцоолсон бөгөөд энэ нь дэлхийн хүн амын хоёр гаруй хувь нь коронавирусийн халдвар авсан гэсэн үг юм. Нийт халдварын тохиолдлын тал орчим хувь нь АНУ (32.7 сая), Энэтхэг (21.5 сая), Бразил (15 сая), Франц (5.8 сая), Турк (5 сая) гэсэн таван улсад бүртгэгдсэн байна.
Харин халдварын хамгийн өндөр хувь нь харьцангуй цөөн хүн амтай улс орнуудад бүртгэгджээ. Жишээлбэл, Андоррагийн хүн амын 17 хувь (13,400 хүн) цар тахлаар өвчилсөн бол Монтенегро улсад энэ үзүүлэлт 15.7 хувьтай (98,000 хүн) байгаа аж.
Одоогийн байдлаар олон улс оронд халдварын гурав дахь давлагаа явагдаж байгаа бөгөөд зарим бүсэд дөрөв дэх давлагаа эхлэх магадлалтай байгаа юм. Энэ оны 1 дүгээр сарын эхээр дэлхий даяар халдвар тархалт огцом өсөж, өдөр бүр 800 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан хэдий ч 2 дугаар сарын сүүл гэхэд нөхцөл байдал тогтворжиж, халдвар бараг хоёр дахин буурсан билээ. Гэвч хаврын улиралд цар тахлын тархалт дахин хурдацтай өсөж, өнгөрөгч 4 дүгээр сарын 29-нд 904,700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэн, өдөр тутмын хамгийн дээд хэмжээг тогтоосон байна.
Тэгвэл эдгэрсэн хүмүүсийн үзүүлэлт өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 86 орчим хувийг эзэлж байгаа аж.
Эх сурвалж: TASS