Тайваньд амьдардаг долоон настай Вэй Вэйг дасгалжуулагч болон ангийн хүүхэд нь жүдо бөхийн бэлтгэлийн үеэр 27 удаа шалан дээр хүчтэй шидэн унагаасны улмаас хүү комд оржээ.
Вэй Вэй хүү өнгөрөгч 4 дүгээр сарын эхээр жүдо бөхийн сургалтад явахыг хүсэж байгаагаа гэр бүлийнхэндээ хэлсэн байна. Үүнээс хоёрхон долоо хоногийн дараа тэрээр жүдогийн хичээлийн улмаас эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа бөгөөд ухаан орсон ч тархины гэмтлийг нь эмчлэх боломжгүй гэж эмч нар үзэж байгаа юм.
Жүдогийн бэлтгэлийн үеэр Вэй Вэйгээс хамаагүй том биетэй нэг сурагч түүнийг дэвжээн дээр хүчтэй шидэн унагааж байгааг харуулсан сэтгэл түгшээсэн бичлэг ил болжээ. Хичээл үргэлжлэх тусам Вэй Вэй "Миний хөл!", "Миний толгой!", "Би хүсэхгүй байна!" хэмээн хашхирах нь сонсогдож байсан хэдий ч дасгалжуулагч нь түүнийг босохыг тушаан, насаар ахмад сурагчаа хүүг үргэлжлүүлэн шидэхийг шаардсан байна.
Удалгүй Вэй Вэй босох ч хүчгүй болсон хэдий ч дасгалжуулагч нь түүнийг өргөн аваад, дахиад хэд хэдэн удаа газар шиджээ. Энэ үеэр хүү бөөлжсөн боловч "хичээл" зогсоогүй байна.
Эцэст нь Вэй Вэй ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар түүнийг тархины хүнд хэлбэрийн цус харвалттай болсныг тогтоожээ. Тэрээр одоо комд байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж.
Хо овогтой дасгалжуулагч нь хүүг ухаан алдах үеэр худлаа дүр эсгэж байна гэж авга ахад нь хэлсэн бөгөөд дараа нь Вэй Вэйг санаатайгаар дэвжээн дээр хүчтэй унасан гэж мэдүүлсэн байна. 60 гаруй настай тус дасгалжуулагчийг цагдаа нар саатуулан, хайхрамжгүй байдлын улмаас хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр шалгаж байгаа бөгөөд тэрээр өөрийнхөө гэм бурууг үгүйсгэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.