Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Ямар хүнийг эрүүл хүн гэж үздэг талаар СЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн С.Мөнхтуяатай ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэнд гэж вэ?
-Орчиндоо дасан зохицох чадвартай биеийн талаас өвчин эмгэг байхгүй, шаналгаа зовуурь байхгүй хүнийг эрүүл байна гэж үздэг. Өвдөхгүй байснаар эрүүл гэж ойлгодог. Тийм биш нийгэмдээ дасан зохицох чадвартай, бүтээмжтэй байх ёстой. Нийгэм хөгжих тусам сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал нэмэгдэж байна.
Манай улсын нийт хүн амын 72 хувь нь сэтгэцийн асуудалгүй, 27 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу ажлын ачаалал, нойрны асуудал, ажлаа зохицуулж чадахгүй сэтгэл түгшилттэй хүмүүсийг хэлдэг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 1-0.7 хувийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийг сэтгэцийн эмч оношилдог.
Сэтгэцийн эмгэг нь өөрөө хөдөлмөрийн чадварыг хамгийн ихээр алдагдуулдаг. Тухайлбал хөдөлмөрийн чадвараа 60-70 хувиар алддаг. Иймд сэтгэл санаа тавгүйрхэх, стрессдэж, бухимдаж байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлэх хэрэгтэй.
-Сэтгэцийн эрүүл мэндийн талаар явуулсан судалгаа байдаг уу?
-2013 онд 10 мянган хүний дунд судалгаа явуулахад 16.2 хувь архаг ядаргаатай, 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17 хувь нь сэтгэл зүйгээс шалтгаалсан нойргүйдэлтэй, 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй бол 11.7 хувь нь биеийн хэлбэрийн эмгэгтэй байна гэсэн байдаг. Биеийн хэлбэрийн эмгэг гэдэг нь сэтгэл санааны байдлаас шалтгаалж ходоод, зүрх гэх мэт бие нь өвдөөгүй мөртлөө өвдсөн мэт санагдах эмгэгийг хэлдэг.
-СЭМҮТ-өөс өнгөрсөн оноос коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс сэтгэл санааны судалгаа явуулж эхэлсэн. Энэ судалгааны талаар мэдээлэл өгөөч?
-Халдвар тусаад эмчлүүлж эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа эрсдэлийг тандах, цаашид гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах үүднээс Монгол Улсын хэмжээнд анхны судалгааг өнгөрсөн оны наймдугаар сард СЭМҮТ, ХӨСҮТ хамтран хийсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёрдахь судалгааг явуулсан бол одоо гурав дахь судалгаагаа хийж байна.
Эхний судалгаанд халдвар аваад эдгэрсэн 147 иргэн хамрагдсан бол хоёр дахь судалгаанд 4343 иргэн хамрагджээ. 147 иргэний хувьд сэтгэл түгшилт 21.3 хувьтай байсан бол 4343 иргэнээс судалгаа авахад сэтгэл түгшилт 20.5 хувьтай гарсан. Халдварын эхэн үед халдвар авсан иргэдийн хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй, айж эмээх зүйлс байсан бол хоёр дахь ээлжийн судалгаанд хамрагдсан 4343 иргэний хувьд халдвар аваад бүрэн эдгэрэх боломжтой гэх мэт сэтгэл санааны хувьд өөдрөг байсан.
Цаашлаад манай төвөөс халдвар авсан иргэдэд сэтгэл санааны зөвлөгөө мэдээлэл өгсөн нь маш сайнаар нөлөөлсөн. Халдвар аваад эдгэрсэн иргэдээс эрэгтэйчүүдэд сэтгэл гутрал илүү их зонхилж тохиолдсон байсан. Учир нь эрэгтэй хүмүүсийн хувьд сэтгэлээ уудалдаггүй, ярилцдаггүй, хэцүү байгаа зүйлсээ хэн нэгэнтэй хуваалцдаггүйгээс үүдэн сэтгэл гутралд илүү их өртсөн байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.