Уганда улсын Парламент хүнээр тахил өргөх явдлыг хууль бус болгон, бүх насаар нь хорих ял оноож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг баталжээ.
Өнөөг хүртэл тус улсын хууль тогтоомжид хүнээр тахил өргөх явдлыг албан ёсоор гэмт хэрэг гэж тооцдоггүй байсан бөгөөд ийм төрлийн хэргийг хүн амины болон бусад гэмт хэрэгт холбогдох хуулийн дагуу шийтгэдэг байсан аж.
Шинэ хуулийн дагуу хүнээр тахил өргөх гэмт хэрэг үйлдсэн эсвэл тус үйл ажиллагааг санхүүжүүлсэн аливаа хүнд цаазаар авах ял оногдуулах байна. Түүнчлэн хүний эд эрхтнийг эм, эмчилгээний зорилгоор ашиглаж, борлуулахыг гэмт хэрэгт тооцох бөгөөд бүх насаар нь хорих ял оноох аж.
Мөн санхүүгийн ашиг хонжоо олохын тулд хүнээр тахил өргөх итгэл үнэмшлийг тарааж, аливаа зан үйлд хүний бие эрхтнийг ашиглахыг уриалсан иргэд ч мөн бүх насаараа хоригдох ял сонсоно гэдгийг эрх баригчид дурджээ.
Хүнээр тахил өргөх явдал нь тус улсад элбэг гардаг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамаатан саднууд нь хөнөөдөг байна. Үүний улмаас тусгай хуулийг батлах хэрэгтэй байсан гэдгийг "Дэлхийн зөн" байгууллагын Уганда дахь захирал Ирин Кагояа тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.