СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг ширхэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 7,500 литр ус ашигладаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

 Дэлхийн хүн төрөлхтөн 2020 онд хэрэглэх байгалийн нөөцөө эхний 8 сард дуусгасан. Нэг ширхэг даавуун цамц үйлдвэрлэхэд 2,700 л ус ашигладаг. Бидний худалдан авсан зүйлсийн 99 хувь нь 6 сарын дотор хаягдал болдог. Хоёр тэрбум хүн өлсгөлөн, эсвэл шим тэжээлийн дутагдалтай, мөн төдий тооны хүн жингийн илүүдэлтэй байна...

Энэ бол бид цаашид Тогтвортой хөгжихөөс өөр гарцгүйг илтгэх тоон мэдээллүүд. Тиймдээ ч дэлхий нийтээр 2030 он хүртэл Тогтвортой хөгжих зорилт тавин ажиллаж, амьдарч байна. Манай улс ч Тогтвортой хөгжих зорилтынхоо хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын түншлэл, хамтын ажиллагаа” олон улсын виртуал чуулганыг 4 дэх өдрөө зохион байгуулж байна. Энэ удаад байгаль орчин, эко хэрэглээ буюу “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны сурвалжлагч” хүүхэд, залуучуудын хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Өнөөдрийн арга хэмжээнд бүх түвшний сургалтын байгууллагын мэргэжилтнүүд практик хичээлийн туршлагаа хуваалцаж, орон нутгийн болон төвийн сурагч, оюутан залуус сайн туршлага, дадлаасаа танилцуулжээ. 

Асуудлыг одоо шийдвэрлэх нь ирээдүйд шийдвэрлэхээс 5-10 дахин хямд тусна

Т.Төрбадрах БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн:

- Дэлхийн цаг агаарын өөрчлөлт Монгол оронд дэлхийн дундажаас 3 дахин их нөлөөлж байна. Амьдрах орчны доройтол, нөөц баялгийн үр ашиггүй хэрэглээ ихэссэн. Энэ нь манай улсын эдийн засаг байгалиас буюу нэг салбараас хараат маягийн, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг, ядуурлын түвшин өндөр, техник, технологи хоцрогдолтой, үр ашиггүй хэрэглээ их, орчны бохирдол, доройтлоос шалтгаалж байна.

Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO:14000 багц стандартад суурилсан Олон Улсын Эко сургууль /цэцэрлэг/ хөтөлбөрт нийт 432 сургууль, цэцэрлэг хамрагдаад байна. Ерөнхий боловсролын ахлах ангийн бүх сурагч байгаль хамгаалах анхан шатны мэдэгдэхүүнтэй хамгаалагчид болно.

Айл бүрт нэг байгаль хамгаалагч-эко хэрэглэгчтэй болгохыг зорьж байна. Одоогоор 543 сургуулийн 63,000 гаруй сурагч хамрагдсан. 2030 он гэхэд “Ногоон паспорт” аяны хүрээнд Монгол Улс 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргасан.

Хотноосоо гарч сэтгэе

А.Одонтуяа НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч:

-Өөрчлөлт биднээс эхэлнэ. Бид ганцаараа биш. Хотноосоо гарч сэтгэе. Өнөөдөр залуучуудад тулгамдаж буй асуудлууд нь тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, ажилгүйдэл, тэгш бус боловсрол, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлт, ялгаварлан гадуурхалт, улс төрийн оролцоо юм. Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн секторууд болон төрийн байгууллагууд нэг үнэ цэнэтэй, нэг зорилготойгоор хамтарч ажиллаж байж тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрч чадна.

Шалгарсан бүтээлийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн “Байгаль орчны залуу сурвалжлагч” олон улсын уралдаанд оролцуулна

Д.Шижирболд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн Судалгаа, мэдээлэл сургалтын албаны дарга:

-“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт нэгдсэн арга хэмжээг угтан БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, “Тогтвортой хөгжил-II” төслийг орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ хамтран 11-22 насны хүүхэд залуусын дунд улсын хэмжээнд зохион байгууллаа. Уралдаанд 319 бүтээл ирсэн. Тэргүүн байранд шалгарсан бүтээлийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн “Байгаль орчны залуу сурвалжлагч” олон улсын уралдаанд оролцуулна.

Энэхүү уралдааны үр дүнд нийт 84,368 хүнд  мэдээлэл хүргэж, 319 бүтээлийг олон нийтэд цахим сүлжээнд сурталчлах нөлөөллийг үйл ажиллагааг явууллаа. Хүүхэд залуусын оролцоо, дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл, уриалгыг өгч, авьяас, ур чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх сэдэл төрүүлж, байгаль орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулснаараа ач холбогдолтой юм.

Усны бохирдол нь чимээгүй аюул гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй

Д.Оюундэлгэр Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй Цогцолбор” сургуулийн 12-1 ангийн сурагч:

-Би сургуулийнхаа дэргэдэх “Сонирхолтой газарзүй” клубын гишүүнээр сурагч. Манай клуб хүрээлэн буй орчноо судалж, түүнд тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэн, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэг сурагчдын нэгдэл юм. 2018 оноос хойш манай клубын сурагчид газарзүйн багш нартайгаа хамтран Дархан хотоос хойш 45 км зайд орших Шарын голын усанд “Морфометр болон орчны бохирдолт/ph/ тодорхойлох” судалгааг хавар, намрын улиралд хийсээр ирсэн. Бохирдсон  усыг ногоочид тариаландаа ашиглаж, малчид малаа усалж байгаа нь эргээд бидний хэрэглэх мах ногоо, хоол хүнсний бүтээгдэхүүн болж, цаашлаад  бидэнд  ямар  өвчин, эмгэг дагуулж ирж байгааг тааж хэлэхийн аргагүй шүү дээ.           

Усаа хамгаалах тухай, усны асуудлын тухай бид бодохдоо зөвхөн нөөц багасч байгаатай л холбон тайлбарладаг. Гэвч бид голын усыг төдийлөн анзаардаггүй. Ус урсаж л байна хэмээн боддог. Гэвч усны бохирдол нь чимээгүй аюул гэдгийг бид судалгааны ажлаасаа харсан.  

Энэхүү олон улсын чуулган нь тогтвортой хөгжлийн боловсролыг томъёолох, эрчимжүүлэхэд салбар хоорондын уялдааг нягтруулж, салбар бүрийн тулгамдсан асуудал, бодит байдлыг нээлттэй хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг, форум тус бүрт санал, зөвлөмж гаргаж байснаараа онцлог юм.

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүрсэн ололт амжилт, энэ удаагийн виртуал арга хэмжээний туршлагыг 2021 оны 5 дугаар сарын 16-нд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдах Тогтвортой хөгжлийн Олон Улсын чуулганы үеэр Швейцарын Холбооны Улсаас дэлхийн нийтэд танилцуулах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.