ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатар оролцон, коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.
Дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар: Манай улсад хийж буй вакцинуудыг олон улсад туршсан тул аюулгүй, үүнд эргэлзэх хэрэггүй. Аль нь сайн бэ гэж дүгнэхэд эрт байна. Үр нь хамгийн наад зах нь зургаан сараас нэг жилийн дараа ил болно.
Хоёр дахь вакцинаа хийлгээд 14 хоносны дараа таныг бүтэн тун хийлгэсэн гэж үзнэ. Та вакцин хийлгэснээр өөрийгөө, эргэн тойрны хүмүүсээ хамгаалж чадна. Бусдад халдвар тараах эрсдэл 50 хувиар буурна. Вакцин амьд вирус агуулдаггүй тул ямар ч өвчин үүсгэхгүй. Үүнд итгэлтэй байж болно.
Нийтийн дунд халдвар аваад байна. Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэл бий ч бусад хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага. Иргэд дархлаа тогтсон эсэхээ шалгуулахыг хүсэж байна. Энэ нь шаардлагагүй юм. Лабораториуд хүн татах зорилгоор ийм шинжилгээ хийж байгаа юм.
Надаас хүмүүс ямар вакцин хийлгэх вэ, аль нь сайн бэ гэж их асуудаг. Таны тариулсан вакцин л хамгийн сайн гэж би хариулдаг юм.
Эсрэг бие гэдэг нь уураг юм. Энэ уургийн задрах хугацаа маш бага. Эсрэг биеийн агууламж өссөн бол дархлаа тогтсон гэж үзнэ. Бүтэн тунгаа хийлгэсний дараа PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй.
Мөн харшилтай иргэд вакцин хийлгэхээс болгоомжилж байна. Ямар ч аюулгүй тул хийлгэж болно. Хөхүүл эхчүүд хүүхдэд нь нөлөөлөх вий гэж эмээж байна. Хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй. Вакцин үхүүлсэн вирус агуулдаг. Зарим вакцин вирустэй төстэй зүйл агуулсан.
Бүх вирус мутацад ордог тул вирус хувирч, илүү хүнд хэлбэр бий болж болзошгүй юм. Өнөөдөр 20 мянган мутац бүртгээд байна. Мутаци бүр аюултай биш. Их Британи, Өмнөд Африк, Бразилд бүртгэсэн хувилбарууд л судлаачдын анхаарлыг илүү татаж, эдгээрийг судалж байна. Учир нь эдгээр вирус илүү хурдан тархаж байж болзошгүй байгаа юм.
Төгсгөлд нь хэлэхэд вакцинаа хийлгэхийг зөвлөж байна. Бидэнд вакцинаа сонгох сонголт байхгүй. ДЭМБ-аас Синофарм, Спутник-V вакциныг бүртгэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.