Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ өчигдөр АН-ын дарга С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ болон дэд дарга нар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ц.Өнөрбаяр:
-Та бүхэн өчигдөр СЕХ дээр болсон үйл явдлыг харсан байх. Манай намын дарга байсан зарим хүн ардчиллын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг, Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх санаа цухалзуулж байна.
АН-ын дэд дарга О.Чулуунбилэг:
-Үр ачаа асраад, залуучууддаа сургааль, зөвлөгөөгөө хайрлаад сууж байх ёстой хүн бусдыг ална, дүүжилнэ гэж ярьсан нь хэзээ ч хүлээн зөвшөөрч болшгүй үйлдэл. С.Ганбаатар гишүүн өмнө нь өлсгөлөн зарлаж байхдаа өөрийгөө шатаах тухай ярьсан. Үүний дараа Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаасан. Бусдыг дүүжилнэ гэж ярьж байгаа УИХ-ын гишүүний үйлдэл нийгэмд нөлөөлж, хэн нэгэн өөрийгөө дүүжилбэл хариуцлагыг хэн хүлээх вэ? Ардчилсан нам хүлээхгүй шүү. Н.Алтанхуяг гишүүн хүлээнэ шүү.
СЕХ-ны албан шийдвэр гарсан учир АН-ын гишүүдийг хүрч ирж, эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.
АН-ын дарга М.Тулгат:
-АН өнөөдөр хоёр хуваагдсан нь үнэн. Энд их мөнгө байна, энд УИХ-ын гишүүд байна, энд Ерөнхийлөгч байна гээд АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хүмүүсийг юунд ашиглах гэсэн бэ? Тэр хүн дарангуйлах, нэг хүн дангаар ноёрхох байдлаар ашиглах гэсэн. АН-ыг үүнийхээ багаж зэвсэг болгосон. Х их хурлыг зохион байгуулж, өөрийгөө өрсөлдөгчгүйгээр тодруулах гэж оролдсон. Үнэт зүйлгүй, ёс зүйгүй энэ үйлдэл өнөөдөр ялагдлаа. Хууль ёсны Ардчилсан нам энд байна гэдгийг баталлаа.
АН-д сүүлийн зургаан сар байсан хүн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл Н.Алтанхуяг гэдэг хүн өчигдөр дахин элсээд, өнөөдөр нэрээ дэвшүүлж байна. Энэ бол АН-ын дүрмийг зөрчсөн хэрэг.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-АН дээд буюу удирдлагын түвшиндээ хагаралдсан. Тэрнээс анхан болон дунд шатандаа хагараагүй. Бидний хувьд аль болох ойлголцох, зөвшилцөх байр суурьтай байсан. Гэтэл Ц.Туваан үүнийг хүлээн аваагүйгээр үл барахгүй Ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүйгээр сонгуульд нэр дэвшүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Бид шаардлага тавьсан. Ц.Туваан үүнийг хүлээн аваагүй учир би дүрмийн дагуу АН-ын даргын үүрэгт ажилд эргэн орсон.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-тай хуйвалдаж, сонгуульд ялуулсан. Захиалгын хүмүүсийг гаргаж ирсэн. Эргээд биднийг хууль, шүүхээр айлгах гэж оролдсон.
Надад сонгуульд нэр дэвших бодол байгаагүй. Ардчиллын эсрэг, АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан учир нэрээ дэвшүүлсэн. УБЕГ-ын 2017 оны бүртгэл хүчин төгөлдөр гэдгийг өчигдөр СЕХ хүлээн зөвшөөрлөө. Манай хууль ёсны тамга, тэмдэг хүчин төгөлдөр, нөгөө талд хүчин төгөлдөр бус гэдгийг харууллаа.
Би МоАХ-ны долоо дахь дарга. Найм дахь даргаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон. Гэтэл одоо МоАХ-г өөрийн мэдлийн компани, өмч шиг хандаж байна. МоАХ-г өмчлөх гэсэн санаатнуудын үе дууссан шүү гэдгийг хэлье.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах ажлын үеэр хэн нь гурван урвагчийг өөрийн талд элсүүлсэн билээ? 3-4 жил хэн ах, дүү шиг явлаа? Урвагчидтай нийлж намайг доромжилж, хүний хувьд гутаах ажлыг хэн хийлээ? Иймд байхад би яалаа гэж МАН-тай нийлэх юм бэ? Би дарангуйллын эсрэг явж байгаа.
Н.Алтанхуягийн хувьд АН-ын гишүүн биш. СХД-ийн АН-д ийм гишүүн байхгүй гэдгийг дүүргийн дарга нь баталсан байна лээ. АН-аас түүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэ зоригтой бна.Ер нь Эрдэнийг дэмжнээ