Өмнөд Солонгосын Тэжон хотын Шинтанжин орчимд олон гудамжны муур хархны хор идэн, үхэж байгаа хэргийг цагдаагийн газраас шалгаж байна. Тус бүсэд 2008 оноос хойш хэн нэгэн этгээд гудамжны мууруудыг зориуд хөнөөж байгаа гэж орон нутгийн оршин суугчид үзэж байгаа юм.
Энэхүү этгээд хордуулсан тахианы махыг өгөөш болгон тавьж, мууруудыг хөнөөдөг болохыг "KBS" агентлаг мэдээлжээ. Саяхан дахин нэгэн гудамжны муур хордон үхсэн нь тогтоогдсон бөгөөд түүний хажууд цэнхэр нунтгаар бүрхэгдсэн тахианы мах байжээ. Албаныхан муурын цогцос болон тахианы маханд шинжилгээ хийн, мэрэгч амьтдыг устгах хорыг олж илрүүлсэн байна.
Цагдаа нар хяналтын камеруудын бичлэгийг шалган, сэжигтнийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж. Тэд мөн өнгөрсөн нэг сарын хугацаанд орон нутгийн эмийн сангаас хархны хор худалдаж авсан хүмүүсийг тогтоон, мөрдлөгийн ажиллагааг явуулж байгаа юм.
Харин Тэжон хотын идэвхтнүүдийн бүлэг гудамжаар эргүүл хийн, хортой тахианы махнуудыг хайн, цуглуулж байгаа аж. Хэдий тэд эрчимтэй ажиллаж байгаа ч өнгөрөгч 4 дүгээр сард хоёр муур хордон үхсэн бол өмнөх сард нь гурван муур үхсэн байжээ. Бүлгийн гишүүний хэлснээр идэвхтнүүд өдөр бүр 30 гаруй хортой тахианы махыг олж байгаа бөгөөд сүүлийн 13 жилийн хугацаанд ойролцоогоор мянга гаруй хордож үхсэн муурыг олсон байна.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.