Японы нийслэл Токио хотод тус улсын анхны цахим спортын сургалтын төв нээгдэхээр болжээ. Энэхүү орон зайд сонирхогчид болон туршлагатай тоглогчид бэлтгэл хийн, мэргэжлийн дасгалжуулагчаас сургалт авах боломжтой аж.
"Esports Gym" нэртэй өрсөлдөөнт цахим тоглоомын төв нь энэ сарын 19-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх бөгөөд Японы хамгийн алдартай цахим тоглоомуудыг санал болгох байна. Мөн цахим тоглоомын ертөнцөд анх хөл тавьж байгаа хүмүүст мэдээлэл олгохын хажуугаар бүхий л шатны тоглогчдод мэргэжлийн дасгалжуулагч нар хичээл орох гэнэ.
Тоглогчид 13 ам.доллар төлөөд нэг компьютер дээр гурван цаг суух боломжтой бол 50 ам.доллароор нэг сарын гишүүнчлэл авах боломжтой байна. Харин дасгалжуулагчийн хичээл нь цагийн 25 ам.доллароор үнэлэгдэж байгаа аж.
Мэргэжлийн цахим тоглоом нь дэлхийн хэмжээний асар том салбар болж өсөөд байгаа билээ. 2021 онд дэлхийн цахим спортын орлого нэг тэрбум ам.доллар давах магадлалтай байгаа бөгөөд тоглолтын шууд дамжуулалтын үзэгчид 728.8 саяд хүрэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Insider
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.