СЕХ-нд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх сүүлийн өдөр нь өнөөдөр. Гэтэл хоёр хуваагдсан АН-ын нэр дэвшигчдийг хоёуланг нь бүртгэхээс СЕХ татгалзсан. Энэ талаар хуульч Ш.Алтангадастай ярилцлаа.
-АН-ын хоёр нэр дэвшигчийг бүртгэхгүй буцаасан асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Нэгт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулаад СЕХ-д бүртгүүлэхээр материалаа хүлээлгэж өгөх ёстой байсан. Нам материалаа бүрдүүлж өгөөд СЕХ шалгаж, үнэмлэх олгож, бүртгэх ийм л үйл явцтай.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 баримт бичгийг тухайн нам нь бүрдүүлж өгөх учиртай. Харамсалтай нь нэг намаас хоёр нэр дэвшигч бүртгүүлэх гэж оролдсон байна. Би бол нэг нам гэж харахгүй байна. Хоёр хуваагдсан, хоёр хэсгээс тус тусдаа нэр дэвших гэж оролдож байна. Нэг намаас хоёр нэр дэвшигч явуулаад манай энэ хоёроос аль нэгийг нь сонгочих оо гэсэн агуулга л яваад байгаа харагдаж байна.
СЕХ буцааж байгаа нь зөв л дөө. Ирүүлсэн баримт бичгийг шалгаад дутуу, зөрчилтэй байвал буцаах үүрэгтэй. Өөрсдийн намын буруу, хагарлаа эцэст нь нэг төрийн байгууллагад чихэж болохгүй л дээ. Энэ намын хагарал, хоёр болчихлоо гэдэг яриа аль 2020 оноос л эхэлсэн. Сонгууль болно гэдгийг бүгдээрээ л мэдэж байсан. АН дотоод асуудлаа шийдэх л хэрэгтэй гэж харагдаж байна.
-СЕХ-нд аливаа нэг нам, улс төрийн эвсэл нөлөөлөх боломжтой юу?
-2021 оны нэгдүгээр сард "Дотоод асуудлаа шийдэж нэг дарга, дүрэм бүрдүүлээч ээ" гэдэг асуудал яригдаж байсан. Гэтэл сая гуравдугаар сард хоёр дарга бүртгүүлэх гээд л явж байсан. Дотоод хагарал нь хэвээр байгааг харуулж байна. Үүнээсээ болоод төрийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах, буруугаа чихэх асуудал байж болохгүй.
-Энэ үүсээд байгаа асуудал сонгогчийн эрхийг зөрчиж байна уу. Үндсэндээ хоёр нам сонгуульд өрсөлдөхөөр болчихлоо?
-СЕХ сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд олон ажил хийдэг байсан ч энэ жил ямар ч ажил хийгээгүй. Энэ нь ажиглагдаж байгаа. Гэхдээ нэр дэвшигчийг нам л гарган ирж, нэр дэвшүүлдэг. Үүнд СЕХ хамаагүй. Нэг намаас хоёр нэр дэвшигч гарч байгаа нь хууран мэхлэх, төөрөлдүүлэх хуулийн зөрчил үүсэж болно. Худал мэдээлэл тараах зөрчил, мэдэх эрхэд халдаж байгаа халдлага мөн.
АН-ын хоёр даргын аль алинд нь бодитоор дарах тамга байхгүй. Улсын бүртгэл дээр С.Эрдэнэд байгаа тамгыг ашиглахыг түтгэлзүүлсэн байгаа. Түүний өмнө Ц.Туваанд байсан тамга ч хүчингүй болсон. Тэгэхээр одоо нэр дэвшигч ямар ч материал бүрдүүлсэн байсан албан ёсоор тамгалах тамгагүй. Тэгэхээр ийм хүсэлтийг СЕХ хүлээж авах ч боломжгүй юм л даа.
-Улсын дээд шүүхийн бүртгэл дээр үндэслэн өнөөдөр 18 цагаас өмнө амжиж дотоод асуудлаа шийдвэрлээд ирвэл СЕХ бүртгэнэ гэж мэдээлсэн байсан?
-Одоо хоёр цаг хүрэхгүй хугацаанд энэ бол боломжгүй. Тэгэхээр тухайн нам өөрсдийн асуудлаа шийдээд хамгийн сүүлд 2017 онд С.Эрдэнэ даргатай бүртгэлтэй байгаа мэдээлэл дээрээ үндэслэж нэг нэр дэвшигчээ л бүртгүүлэх шийдэлд хүрэх боломжтой юм. Одоо нам нь хуралдаад Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаад, шүүх бүрэлдэхүүнээ цуглуулж хуралдаад, бүртгэж аваад СЕХ бүртгэнэ гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр яагаад ч амжихгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алтанхуяг нэр дэвших эрхгүй. Эрдэнэ дэвших эрхтэй.
Алтанхуяг зайлах хэрэгтэй
Алтанхуяг АН-аас зайл зүгээр
Н.Алтанхуяг албаар үймээн самуун дэгдээх, У.Хүрэлсүхийг муулахаар зохион байгуулалттай зүтгэж хүмүүсийг уриалж байна. Арай л муухай жудаггүй хүн юмдаа яаж ийм байж эв нэгдлийг эрхэмлэхэв.