Индонези улсад эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн өмчит компанийн хэд хэдэн ажилтныг баривчлан саатуулжээ. Тэдгээр баривчлагдсан этгээдүүд коронавирусийн сорьц авдаг хамрын савханцрыг угаасныхаа дараа дахин худалдан борлуулсан хэрэгт буруутгагдсан байна.
Цагдаагийн газрын мэдээнд дурдсанаар Умард Суматра мужийн нийслэл Медан хот дахь нисэх буудлын 9,000 зорчигч тэдгээр угааж ашигласан савханцраар шинжилгээ өгчээ. Тэдгээр зорчигчдын төлөөлөл төрийн өмчит Кимиа Фарма компанийг шүүхэд өгч, зарга үүсгэхээр болсон байна.
Коронавируст цар тахал дэлхий нийтийг хамарсан үед олон улс оронд хамрын савханцраар сорьц авч байна. Энэ үеийг ашиглан савханцрыг дахин хэрэглэх явдал Меданы Куаланаму нисэх буудалд өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш үргэлжилсэн гэж таамаглаж байгаа юм. Одоогоор уг хэргийг хэрхэн илрүүлсэн нь тодорхойгүй ажээ.
Зорчигчид нисэхийн тулд заавал коронавирусийн шинжилгээ өгөх ёстой. Ингэхийн тулд төрийн өмчит Кимиа Фарма компаниас оношлуурт ашиглах савханцрыг нийлүүлж байжээ. Гэвч савханцрыг дахин ашигласан болох нь тогтоогдсон тул тус компанийн менежер болоод бусад дөрвөн ажилтныг баривчлан саатуулжээ. Тэдгээр баригдсан хүмүүс савханцруудыг угааж, дахин савлаж худалдсанаар эрүүл мэнд болоод үйлчлүүлэгчийн тухай хууль дүрэм зөрчсөн хэрэгт унаж байна.
Хэргийн талаар 20 гаруй хүн гэрчилсэн ба 124,800 ам.долларын савханцрыг дахин ашигласан гэж тооцжээ. Жакарта хотод төвтэй Кимиа Фарма нь хэрэгт холбогдсон ажилтнуудаа халсны дээр дотоод хяналтаа сайжруулахаа амлаад байна. Дахин ашигласан савханцраар шинжилгээ өгсөн хүн бүрт 100,000 ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэхээр зэхжээ.
Индонези нь коронавирус өргөн хүрээтэй тархсан Азийн улс орнуудын нэг юм. Тус улсад ойролцоогоор 1,7 сая иргэн халдвар авч, 46,000 хүн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.