Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавирусийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журмыг баталсан байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан: Эмчилгээ, оношлогоонд үзүүлсэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Мөн эрүүл мэндийн ажилтнууд хэдэн хүнд вакцин хийсэн гүйцэтгэлээрээ цалинжиж явахаар боллоо. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг сая 138000 иргэн нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хоёрдугаар тундаа 26 хувь нь хамрагдсан байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжид зориулж 3.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатар хотын иргэдээ вакцины нэгдүгээр тунд хамруулах шаардлагатай. Зургадугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдээ нэгдүгээр тунд хамруулж дуусах шаардлагатай байна. Манай улс вакцинаа цаг хугацаанд нь татан авч, вакцинд хамруулах боломжийг бүрэн хангасан. Тиймээс иргэдийн идэвх маш чухал байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж ЭМДС-аас санхүүжүүлж эхлээд байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн журмыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журмыг баталсан.
Энэ тарифаар тухайн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын илүү цаг, хувийн хамгаалах хэрэгсэл бүх өртгийн жинг тооцож хийсэн.
Уг журам батлагдсанаар хувийн болон төрийн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авна. Цаашлаад орны хүрэлцээгүй энэ үед хувийн эмнэлгүүд халдвартай иргэдийг авч эмчлэх боломжийг олгож байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.