Олон улсын сансрын станц дотор нэг жил гаруй хугацааг өнгөрөөсөн франц дарсыг "Christie’s" дуудлага худалдааны компани нэг сая ам.доллароор зарахаар болжээ.
"Pétrus 2000" гэх нэртэй энэхүү дарс нь 2019 оны 11 дүгээр сард сансарт илгээсэн 12 шил дарсны нэг юм. Эрдэмтэд дэлхийгээс бусад газарт тариалан эрхлэх боломжийг судлан, эдгээр дарсыг судалгаандаа ашигласан байна. Дэлхийн тойрог замаар 14 сар аялаад ирсэн уг дарс нь маш нарийн хэмжээнд өөрчлөгдсөн байсан болохыг судалгаанд оролцсон дарсны мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Энэхүү дарс нь сансрын хөлөг дээрх бараг хүндийн жингүй, өвөрмөц орчинд боловсорсон гэж "Christie’s" компанийн Дарс, спиртийн хэлтсийн олон улсын захирал Тим Типтри онцолсон байна. Нэг лонх нь 10 мянган ам.доллароор зарагддаг уг дарс нь сансарт "нисэн", шинжлэх ухааны шинэлэг зүйл болсон учир дор хаяж нэг сая ам.долларын үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
"Сансрын дарс"-ны борлуулалтаас олсон орлогыг сансар дахь эрдэм шинжилгээний ажлын цаашдын судалгааг санхүүжүүлэхэд ашиглах аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.