Өмнөд Солонгосын "Namyang Dairy Products" компанийн үйлдвэрлэдэг "Bulgaris" нэртэй йогурт нь коронавирусийн халдвар авах магадлалыг 78 хувиар бууруулна гэж компанийн зүгээс өнгөрсөн сард мэдэгдэн, ихээхэн маргаан дагуулсан билээ. Тэгвэл тус компанийн тэргүүн Хонг Вон Шик үл ойлголцол үүсгэсэндээ уучлалт гуйн, албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгджээ.
Тэрээр "Би бүх хариуцлагыг үүрч, захирлын албан тушаалаасаа огцорно. Удирдах албан тушаалаа хүүхдүүддээ дамжуулахгүй" хэмээн тэмдэглэсэн байна. Хонг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг хариуцдаггүй хэдий ч компанидаа томоохон нөлөөтэй бөгөөд гэр бүлийнхээ гишүүдийн хамт нийт 53.8 хувийн хувьцаа эзэмшдэг аж.
Түүнээс өмнө "Namyang Dairy Products"-ийн Гүйцэтгэх захирал И Кванг Бум мөн хариуцлага хүлээн, огцрохыг санал болгоод байсан юм.
"Bulgaris" нэртэй йогурт нь цар тахлын эсрэг үйлчилгээтэй гэх мэдээлэл гарсны дараа борлуулалт нь огцом өсөж, Сөүлийн бирж дээрх компанийн хувьцааны үнэ эрс нэмэгдсэн боловч шинжээчид эргэлзээтэй хандаж байсан билээ. Тус компанитай холбоотой судлаачид нь эмнэлзүйн туршилт хийхээсээ өмнө судалгааны үр дүнг олон нийтэд зарласан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам "Namyang" компанийг судалгааны үр дүнгээ эрдэм шинжилгээний зорилгоор бус бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор ил болгосон гэж үзэн, хуурамч мэдээлэл тараан, хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Тус яамнаас уг компанийн борлуулалтын 40 хувийг бүрдүүлдэг сүүний гол үйлдвэрийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд зогсоохоор төлөвлөж байгаа юм.
Харин цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт тус компанийн Сөүл дэх төв оффис болон үйлдвэрүүдэд нь нэгжлэг хийн, лабораторийн судалгааны үр дүнгээ хэтрүүлсэн эсэхийг нь шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency