Өмнөд Солонгосын томоохон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэг болох "Namyang Dairy Products"-ийн "Bulgaris" нэртэй йогурт нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулна гэх мэдээлэл өнгөрөгч мягмар гарагт гарсны дараа тус компанийн хувьцаа огцом өсжээ.
Компанийн хувьцаа лхагва гарагийн өглөө 28.68 хувиар өсөж, 489,000 вонд хүрсэн байна. Үүний өмнөх өдөр нь "Namyang Dairy" компанийн дэргэдэх вирусийн эсрэг дархлаа судлалын төвийн дарга Пак Жон Су "Бид сүүн бүтээгдэхүүнүүд нь томуу болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй болохыг олж нээсэн. Бидний туршилтаар "Bulgaris" йогурт нь томуугийн A вирусийг (H1N1) 99.999 хувь устгаж, "Ковид-19"-ийн вирусийг 77.8 хувийн амжилттайгаар устгадаг болох нь тогтоогдсон" гэж мэдэгджээ. Тус төвийн судлаачид сармагчны уушгины эсийг ашиглан туршилт хийсэн аж.
Энэхүү мэдэгдлийн дараагаар Өмнөд Солонгосын иргэд уг йогуртыг яаравчлан худалдан авсан бөгөөд орон нутгийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд зарагдаж дууссан байна. Гэвч тус улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд "Namyang Dairy" гэнэтийн мэдэгдэлд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас "Энэхүү судалгааны үр дүнгээр тухайн йогурт нь хүний биед байгаа вирусийг устгах чадвартай эсэх нь батлагдаагүй. Тиймээс "Bulgaris" нь цар тахлаас урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх бодит арга хэмжээ болж чадах эсэхийг хэлэхэд хэцүү байна. Хүнсний бүтээгдэхүүн нь "Ковид-19"-ийг эмчлэх эсвэл халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоохын тулд хүмүүст эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай бөгөөд тодорхой хяналт шалгалтыг хийхээс өмнө олон нийтэд зарлаж болохгүй" хэмээн мэдэгджээ.
Тэгвэл тус улсын зарим иргэд уг судалгааны үр дүнг хувьцааны үнээ өсгөх гэсэн маркетингийн тактик гэж үзэн, шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Нэгэн иргэн өөрийн цахим сүлжээндээ "Тэгвэл улсаас их мөнгө зарцуулан, вакцин худалдаж авах ямар хэрэг байна? Өрх бүрт "Bulgaris" йогурт тараахад болох юм биш үү" хэмээн бичжээ.
Эх сурвалж: The Korea Herald, Bloomberg, Kukmin Ilbo