Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон БСШУСЯ хоорондын гэрээг үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь иргэн бүрийн оролцоотойгоор байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тогтвортой, чанартай амьдралын хэв маягийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн боловсролоор дамжуулан хөгжлийг авчрах зорилготой юм.
Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулган нь 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эхний өдөр “Бодлогыг уялдуулах”, “Суралцахуйн орчинг хувирган өөрчлөх”, “Сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах”, “Хүүхэд, залуучуудад боломж, эрх мэдэл олгох”, “Орон нутгийн түвшин дэх үйл хэргийг эрчимжүүлэх” гэсэн 5 салбар хуралдаанаар үргэлжилсэн юм.
Энэ удаагийн арга хэмжээгээр манай улс Тогтвортой хөгжлийн боловсролын цаашдын алсын хараа, замын зураглалыг тодорхой болгох бөгөөд боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг салбар хоорондын бодлого, төлөвлөлтийг уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.
Т.Ням-Очир БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга:
-Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно.
Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш. Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна.
Ц.Уранчимэг БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга:
-“Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд
-Монгол Улс нийт 44 сая литр куб ус,
-324 сая квт эрчим хүч хэмнэж,
-1.4 сая ширхэг мод тарьж,
-42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна.
Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн.
Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.
Э.Шинэцэцэг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн:
-“Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан.
Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм.
Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно.
Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм.
Чуулган өнөөдөр “Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал”, “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://www.eduexpo.mn/ цахим платформд хандаж болох ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.