МАХН-ын Бага чуулган өчигдөр цахимаар хуралджээ. 11 дэх удаагийн Бага чуулганы хуралдаан 97.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.
Үүх түүх, угшил нэгтэй намуудын улс төрийн байр суурь, үзэл бодлын зөрчилдөөн арилсан гэж үзэж МАХН, МАН нэгдэж, өнгөрсөн сарын 29-нд намын дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Тэгвэл нэгдэн нийлж, улс төрийн үйл ажиллагаа явуулах тухай асуудлыг Бага чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталгаажуулжээ.
“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж байгааг намын удирдлагууд онцолсон байдаг.
Мөн бага чуулганы хуралдаанд МАН-тай нийлэхтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн дагуу МАХН-ын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, нийт гишүүдийн 90 хувь дэмжсэн дүнг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намуудын нэгдэх ажлын хэсгийн ахлагч Б.Тулга танилцуулав. Цаашид мөн улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд нэгдэн нийлэх тухай асуудлаар МАХН-ын Их чуулган хуралдаж шийдвэрлэх ёстой тул МАХН-ын Ээлжит бус Их чуулганаа энэ сарын 16-нд товлов.
Түүнчлэн бага чуулганаар улс төрийн нэгдмэл үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж ажиллах тухай шийдвэр гаргажээ.
Т.САЙХАН
"Зууны мэдээ" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Saihan setgel amar, eldev nervtuuleh yum bodolgui amraach e ene hun