Монгол Улсын хэмжээнд 2 сая 60 мянга, нийслэлд 1.1 сая хүнд ковидын вакцин хийхээр УОК төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 743 мянган хүн вакцин хийлгээд байна. Цаана нь 450 мянган хүн вакцин хийлгэлгүй үлдээд байгаа юм. Улаанбаатарт өдөрт 75 мянган хүнд вакцин хийх боломж бүрдүүлсэн ч хийлгэх хүн цөөн байна.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан:
-Монголчууд бид хүүхдүүддээ “За” гэж хэлэх хэрэгтэй байна. Хүүхдүүд олон сар гэртээ хоригдлоо. Одоо гадаа гарахыг, хичээлдээ явахыг хүсэж байна. Гэтэл хүүхдүүдэд хийх, хүүхдийг ковидоос сэргийлэх вакцин байхгүй байна. Тэгэхээр хүүхдүүдийг айх аюулгүйгээр гадаа гаргахын тулд томчууд бид бүгдээрээ ковидын вакцинаа хурдан хийлгэх хэрэгтэй байна.
Ямар ч вакциныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээж, ашигладаг. Өнөөдөр Дэлхийд 3 янзын аргаар бүтээсэн, ковидын вакциныг ашиглаж байна. Үүнээс Хятад улс “Вероселл” вакциныг 100 гаруй жилийн түүхтэй, уламжлалт аргаар бүтээсэн. Энэ аргаар хүн төрөлхтөн өнөөг хүртэл бүх вакцинаа бүтээн, ашиглаж ирсэн. Үр дүн нь баталгаажсан, хамгийн найдвартай гэдэг нь батлагдсан арга.
Иргэд дархлаа тогтсон эсэхээ мэдэхийг хүсэж байна. Бид энэ судалгааг улсын хэмжээнд түүвэр судалгааны аргаар хийж, эсрэг бие тогтсон эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Иймд хүн бүр өөрийгөө шалгах шаардлага байхгүй. Энэ ажлыг мэргэжлийн, судалгааны байгууллага л хийнэ.
Дархлаа тогтсон эсэхийг тогтоох шинжилгээ өгах ямар ч шаардлага байхгүй. Эмч, эмнэлгийн байгууллагууд энэ талаар хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна. Бид хүүхдэдээ вакцин хийлгэсний дараа шалгаад яваад байдаггүй шүү дээ.
“Вероселл” вакциныг жирэмсэн хүнд хийхгүй, хөхүүл эхэд хийнэ. “Спутник В” вакциныг жирэмсэн, хөхүүл эхийн алинд нь ч хийхгүй. “Спутиник В” вакцин манай улсад 20 мянган тун ирсэн. Үүнийг хэдхэн цагт тарьж дуусна. Дараагийн тунг хэзээ хүлээж авах нь тодорхойгүй байна. Хоёр дахь тунг 21-90 хоногийн дараа тариулах хэрэгтэй. Иймд иргэд вакцин сонгон тариулахдаа хангамж хүртээмжийг нь анхаараарай. Та вакцин хүлээж болно. Цар тахал таныг хүлээхгүй гэж Ц.Чинбаяр эмч хэлснийг дахин сануулмаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.