Австралийн Засгийн газар Энэтхэгээс ирэх аяллыг түр хугацаагаар хууль бус болгосон тул Энэтхэгээс эх орондоо буцаж ирсэн австрали иргэд таван жил хүртэлх хугацааны хорих ял сонсож, торгууль төлж болзошгүй болсон байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас "Энэтхэгт коронавирусийн халдвар аваад, тусгаарлалтад орсон хүмүүсийн эзлэх хувийг үндэслэн ийм шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. Уг шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос эхлэн Австрали улс Энэтхэгээс ирэх бүх нислэгийг хориглосон юм.
Шинэ журмын дагуу хууль зөрчин ирсэн иргэдэд таван жилийн хорих ял болон 66 мянган австрали долларын торгууль ногдуулах гэнэ.
Энэ нь австраличууд эх орондоо эргэж ирснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх анхны тохиолдол болно гэж Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байгаа юм. Энэтхэгт 9,000 орчим австраличууд байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд тэдний 600 нь эмзэг бүлгийн ангилалд багтдаг аж.
Эх сурвалж: BBC