Шинэ Зеланд улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан гаалийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэж байжээ.
Шинэ Зеландад дөрөвдүгээр сард багтаж цар тахалтай тэмцэхэд тэргүүн шугаманд ажиллаж буй тусгай чиг үүргийн байгууллагын ажилчдыг вакцинжуулалтад хамруулж дуусгахаар төлөвлөөд байсан. Гэвч гаалийн есөн ажилтан коронавирусийн вакцин хийлгэхээс татгалзсан тул ажлаас нь халжээ.
Ерөнхий сайд өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ тэргүүн фронтын ажилтнууд заавал вакцин хийлгэх ёстой, татгалзвал арын алба руу шилжүүлнэ хэмээн анхааруулж байжээ. Гэвч далай тэнгисийн хил дээр ажиллаж байсан есөн хүнийг шилжүүлэх өөр ажил, албан тушаал олдоогүй тул халахаас өөр арга байгаагүй хэмээн хил гааль хариуцсан албаны дэд дарга Жакинда Фаннель хэлжээ.
Одоогоор тус улсын хил гаалийн ажилтнуудын 95 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 85 хувь нь хоёрдугаар тунгаа хийлгээд байна.
Батлан хамгаалах яам өнгөрөгч сард вакцин тариулахаас татгалзсан алба хаагчдыг халах тухай мэдүүлэг гаргасан. Энэ мэтчилэн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдыг вакцинд албадан хамруулж байгаа боловч зарим үйлдвэрчний эвлэлээс үүнийг эсэргүүцэж, ажилтан алба хаагчид вакцин хийлгэх эсэхээ өөрөө сонгох эрхтэй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.