Италийн Засгийн газар эртний Ромын үеийн амфитеатр Колизейг шалтай болгож, гладиаторуудын нэгэн үе тулалдаж байсан газарт өөрийн биеэр зогсож үзэх боломжийг аялагч жуулчдад олгох саналыг дэмжсэн байна.
Хүний гараар бүтээгдсэн дэлхийн гайхамшгуудын нэг Колизей нь МЭ 80-аад онд баригдаж дууссан бөгөөд 50,000-80,000 хүртэл үзэгчийн багтаамжтай, Италийн хамгийн том эртний задгай дээвэртэй театр юм. Италийн Соёлын сайд Дарио Франческини театрт эвхэгддэг буюу хураагддаг модон шал тавих төслийг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг ням гарагт мэдэгдсэн байна.
Уг төслийн уралдаанд Италийн инженерийн фирм Милан Инженериа ялж, 18,5 сая еврогийн гэрээ хийхээр болжээ. Колизейд шал тавих ажил 2023 онд дуусна.
2,000 орчим жилийн настай тус амфитеатрын шалыг 19 дүгээр зууны үед археологичид шалан доорх гладиатор болон амьтдыг байрлуулж байсан хонгилын сүлжээг харуулахын тулд хуулж байжээ.
Төсөлд ялсан компани түүхэн дурсгалт газарт хэдэн зуун ширхэг модон хавтан байрлуулах ба энэ нь эргэлдэж байгалийн гэрэл болон агаарыг доод хонгилуудад нэвтрүүлэх юм. 3,000 м кв талбайг эзлэх шалыг бүхэлд нь буцааж хураах боломжтой байхаар хийнэ.
Коронавируст цар тахал гарахаас өмнө тус амфитеатрт жилдээ найман сая орчим жуулчин ирдэг байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.