Дуучин, продюссер Лэди Гагагийн франц буллдог үүлдрийн нохдыг хулгайлсан хэрэгт буруутай гэж үзэн таван сэжигтэй этгээдийг цагдаа нар баривчлан саатуулжээ. Баривчлагдсан этгээдүүдийн дунд нохдыг эргүүлж өгсөн эмэгтэй багтсан байна. Сэжигтнүүдийг Лэди Гагагийн нохдыг хулгайлснаас гадна нохойг салхилуулж байсан ажилтныг буудаж шархдуулсан хэрэгт буруутгажээ.
Мөрдөгчид сэжигтэй этгээдүүд нохдыг хулгайлахдаа поп одынх гэдгийг нь мэдээгүй гэж үзэж байна. Тэд ердөө уг үүлдрийн ноход хэдэн мянган ам.доллар хүрэх үнэ цэнэтэй учир хоёрдугаар сарын 24-ний өдөр хэрэг үйлдсэн хэмээн мөрдөгчид таамаглаж байгаа юм.
Лэди Гагагийн нохдыг салхилуулагч хүнд шархадсан ч азаар амьд мэнд үлдсэн тухайгаа цахим хуудсандаа бичжээ. Хаалганы камерт үлдсэн бичлэг дээр цагаан өнгийн суудлын автомашин дотроос хоёр эрэгтэй бууж, нэг нь нохой салхилуулж байсан ажилтан руу буудаж, Кожи, Густав хоёр нохойг аваад зугтсан.
Хайртай нохдоо алдсан поп од олж өгсөн хүнээс ямар нэг асуулт, тайлбар шаардахгүйгээр 500,000 ам.долларын шан харамж амласан юм. Удалгүй буюу цөөн хоногийн дараа 50 настай Женнифер МакБрайд гэгч эмэгтэй нохдыг хүлээлгэн өгч шагналын мөнгөө авсан байна. Гэвч уг эмэгтэйг цагдаа нар хулгай, дээрмийн хэрэгт сэжиглэн баривчилсан тухай өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.