Энэтхэгийн цагдаа нар "Твиттер" олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүнд өвчинтэй өвөөдөө эмнэлгийн хүчилтөрөгч олох гэж оролдсон эрэгтэйн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Тус улсын Уттар Прадеш мужийн офицерууд Шашанк Ядав гэх эрэгтэйг "олон нийтийн дунд айдас, түгшүүр төрүүлэх зорилгоор" эмнэлгийн хүчилтөрөгчийн хомсдолын талаар цуурхал тараасан гэж буруутгаж байгаа аж. 26 настай Ядав хүчилтөрөгчийн цилиндр хайсан бичсэн жиргээндээ коронавирусийн талаар дурдаагүй юм.
Need oxygen cylinder asap @SonuSood
— shashank yadav (@shashankdy999) April 26, 2021
Plz sir
Албаныхан Шашанк Ядавын "худал жиргээ" нь бусад хүмүүсийг Засгийн газрын эсрэг босоход хүргэсэн гэж үзэж байна. Цагдаа нар түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх ажлыг өнгөрөгч мягмар гарагт эхлүүлсэн бөгөөд Ядав хорих ял сонсож магадгүй юм.
Уттар Прадеш нь Энэтхэгийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужуудын нэг билээ. Гэвч тус мужийн захирагч Ёги Адитянат орон нутгийн эмнэлгүүд огт хүчилтөрөгчийн дутагдалд ороогүй гэж мэдэгдэж байгаа юм. Тэрээр түүнчлэн энэ талаар "цуурхал, суртал ухуулга" тарааж байгаа иргэдийн өмч хөрөнгийг хураахыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: BBC