Шинжлэх ухааны хаан нь математик, хатан нь физик гэж үздэг. Физикийн шинжлэх ухаан нь хими, биологи зэрэг бүх төрлийн байгалийн шинжлэх ухааны үндэс нь. Орчлон ертөнц хэзээ хэрхэн үүссэнээс эхлээд, молекулуудын хөдөлгөөн зэрэг байгалийн бүх үзэгдлийг физикчид судалдаг.
Өдгөө хүн төрөлхтний хэрэглэж байгаа гар утас, компьютер, техник технологи зэрэг нь физикчдийн судалгааны нэгээхэн хэсэг билээ. Гэтэл энэ том салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо алдагдаж байгаа талаар МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбаатар өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн нь олон хүний анхаарлыг татсан асуудал болсон. Монгол Улсын их сургуулийн зүгээс физикийн ангид суралцах залуусыг үнэ төлбөргүй суралцуулах болно гэж мэдээлсэн билээ.
МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбаатар: Уг постыг ямар нэгэн хүн, байгууллага руу халдах зорилгоор бичээгүй. Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн бодит байдал цөөхөн оюутантай нь үнэн. Энэ өвөл 7 оюутан төгссөн бол өнөөдрийн байдлаар 4 оюутан дипломын ажлаа бичиж байна. Манай сургууль физикч, физикийн багш хөтөлбөрөөр оюутан элсүүлдэг ч 2020 онд багшийн ангиддаа элсэлт аваагүй. Урьд нь МУИС дотроо Физик, электроникийн сургуультай нэг жилд 1000 гаруй оюутан суралцаж төгсдөг байсан. Тухайлбал физикийн ангид 50-60 хүүхэд, физикийн электроник чиглэлээр 50-60 хүүхэд төгсдөг байсан.
Энэ мэргэжлээр төгсөгч нарын хувьд яг физикчээр ажиллах ажлын байр байхгүй. Физикч гэдэг бол судлаач, эрдэм шинжилгээний ажил хийдэг. Инженер боллоо гэхэд суурь мэргэжил нь физикийн шинжлэх ухаан юм.
Өнөөдрийн хувьд ерөнхий боловсролын сургуульд физикийн шинжлэх ухааныг сонголтоор сургаж, маш хэцүү байдлаар зааж сургаж байгаа нь энэ мэргэжлийг сонгож, суралцах оюутны тоо багасаж байгаа юм. Гэхдээ физикийн шинжлэх ухааныг сонгож суралцсанаар өөр салбар руу хөрвөж, ажиллах боломжтой. Миний хувьд сансрын хиймэл дагуудын инженер мэргэжилтэй. Энэ салбарт ажиллахад физикч мэргэжил маань маш их хэрэг болсон.
Физикийн мэргэжилтэй хүн цогц асуудлыг шийдвэрлэхдээ илүү шинжлэх ухаанчаар ханддаг. Физикийн шинжлэх ухааны салбарыг авч үлдэхийн тулд бодлогоор, хөрөнгө санхүүгээр зайлшгүй дэмжих хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.