Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос /FIBA/ цахим орчинд 15 хүртэлх насны сагсчдын дунд ур чадварын FIBA U15 Skills Challenges тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээнд таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй тэмцээнд манай эрэгтэй баг Ази, номхон далайн орнуудын бүсийн С хэсэгт Шинэ Зеланд улсуудтай орсон юм.
Харин эмэгтэй баг маань D хэсэгт Тахити, Самоа, Леван улсуудтай ороод байна.
Өнгөрсөн онд 17 хүртэлх насны ангилалд манай улсын баг түрүүлж байсан бол энэ удаад 15 хүртэлх насныхан мань өрсөлдөж байна.
Манай улсын эрэгтэй U15 баг эхний тоглолтоо Шинэ Зеландын эсрэг хийж 125:111 харьцаатай хожил байгуулсан бол эмэгтэй баг маань Таитигийн багийг 165:148 харьцаагаар хожлоо.
Ур чадварын тэмцээний дүрэм: Нэг тоглолтод таван тоглогч оролцох ба тоглогч тус бүр сагсанбөмбөгийн үндсэн элементүүдийг ФИБА-гаас өгөгдсөн даалгаврын дагуу гүйцэтгэнэ.
Эхний тоглогчоос сүүлийн тоглогч барианд ортол даалгавар гүйцэтгэсэн цагийг нь секундэд шилжүүлэн тухайн багийн үндсэн оноо гарна.
Бага оноотой нь хожно гэсэн үг.
Оноо цуглуулах:
Дамжуулалтыг эхний оролдлогоороо гүйцэтгэвэл 3 оноо, Хоёр дох оролдлогоороо амжилттай болговол 2 оноо, гурав дахь оролдлогоороо амжилттай гүйцэтгэвэл 1 оноо авна.
Чөлөөт шидэлт буюу дундын зайн шидэлтээс 2 оноо, 3 онооны шидэлтээс 3 оноо. Нэг тоглогч нийтдээ 8 оноо, багаараа 40 оноо авч үндсэн цагаасаа хасуулах дээд боломжтой.
Дээрх жишээгээр багийнхаа оноог гаргавал:
Гүйцэтгэсэн цаг: 2 минут 25 сек. Үүний секунд рүү шилжүүлж үндсэн оноогоо гаргавал 145 оноо. Үүнээс бүх даалгавраа 5 тоглогч амжилттай гүйцэтгэж 40 оноо авсан гэвэл тухайн багийн эцсийн оноо 145-40=105 оноо юм.
Хоёр багийн эцсийн оноо тэнцвэл бага цагт гүйцэтгэсэн нь биш даалгавруудаас хэн өндөр оноо авсан нь хожно.
Тэгэхээр хурдан бага хугацаанд гүйцэтгэх чухал ч шидэлт, дамжуулалтын гүйцэтгэлээс авах оноо ч чухал болчихож байгаа ухаалаг дүрэмтэй.
Эх сурвалж: Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо