Хятадын өмнөд хэсгийн Бэйлу хотын гаднах сууринд орших нэгэн цэцэрлэгт халдлага болж, хоёр хүүхэд амиа алдан, 16 хүн шархадсан болохыг тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
"Синьхуа" агентлагийн мэдээлж буйгаар өнгөрөгч лхагва гарагийн үдээс хойш хутга барьсан этгээд тус цэцэрлэгт нэвтрэн, халдлага үйлдсэн байна. Цагдаа нар одоо сэжигтнийг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Халдлагад нийт 16 бага насны хүүхэд болон хоёр багш өртжээ. Тэднийг бүгдийг яаралтай эмнэлэгт хүргэсэн хэдий ч хоёр хүүхэд шархаа даалгүй нас барсан байна. Мөн шархадсан хоёр хүний биеийн байдал хүнд, мэс засал хийлгэж байгаа бол үлдсэн 14 хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.
Тус улсад ойрын жилүүдэд ийм төрлийн халдлага ихээр гарах болжээ. Хэрэгтнүүд ихэвчлэн сэтгэцийн болон сэтгэл санааны хямралд орсон байдаг бөгөөд цэцэрлэг, сургууль зэрэг байгууламжийн эзэмшигчдэд өширхөж явдаг хүмүүс байх нь элбэг байдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадад ийм төрлийн асуудалтай хүмүүсийг оношлох, эмчлэх хангалттай чадвар байдаггүй аж. Мөн тус улсад галт зэвсгийн хэрэглээнд хатуу хяналт тавьдаг учир хутгатай халдлага үйлдэх нь их байдаг байна.
Эх сурвалж: AP, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.