Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн "Бхаратия Жаната" намын гишүүд удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө дэмжлэг цуглуулах зорилгоор улс төрийн жагсаал цуглаан хийж байна.
Нэр дэвшигчид тус улсыг хамарсан коронавирусийн үхлийн аюултай хоёр дахь давлагааг үл харгалзан, ийнхүү томоохон хэмжээний олон нийтийн цуглаан зохион байгуулжээ. Телангана мужийн өмнөд хэсэгт сонгуулийн сурталчилгааны ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд гудамжинд олон зуун хүн цугласан байна. Тэдний ихэнх нь амны хаалт зүүгээгүй байсан бөгөөд олон нийтийн газар зай барих удирдамжийг баримтлаагүй юм.
Энэтхэгт сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 352,991 шинэ тохиолдол бүртгэгдэж, дэлхийн хэмжээнд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их халдварын хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Ингэснээр тус улсын нийт халдварын тоо 17,636,307 болж, нас барсан хүний тоо 200 мянга даваад байгаа юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энэтхэгт үүсээд буй коронавирусийн хямралын нөхцөл байдал нь олон нийтийн цуглаан, вирусийн мутацид орсон шинэ хувилбарууд болон вакцинжуулалтын хамрах хүрээ бага байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: CNN