Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт өчигдөр Ром хотод амжилттай болов. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Италийн харилцааны өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа мал аж ахуйн түүхий эд боловсруулах салбар, хүнсний болон хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт бодит хамтын ажиллагааг бий болгох талаар санал солилцсон байна.
Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хоёр талаас дэмжлэг үзүүлэхийн чухлыг онцлов.Түүнчлэн техник-эдийн засгийн үндэслэл бүхий төслийг хамтран хэрэгжүүлэх, тухайлбал Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад италийн талтай хамтран ажиллах асуудлаар ярилцжээ.
Төлөөлөгчдийн тэргүүн нар ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтарсан хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэхээр тохирчээ. Уулзалтаар хоёр талын соёл, боловсрол, спорт болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар санал солилцов.