Өмнөд Америк тивийн хойд хэсэгт орших Гайана улсаас АНУ-ын Нью-Йорк хотод ирсэн эрэгтэйг баривчлан саатуулжээ. Учир нь тэрээр дууны тэмцээнд оролцуулахаар 35 бялзуухайг үс ороогчинд хийж, хууль бусаар хил давуулсан нь илэрсэн байна.
Гайана улсын иргэн 36 настай Кевин Андре МакКензи даваа гарагт Нью-Йоркийн Жон Кеннеди олон улсын нисэх буудалд иржээ. Гаалийн хамгаалалтын албаны ажилтнууд түүнийг шалгах явцдаа шувуунуудыг олсон байна. МакКензи үс ороогчинд хийсэн бялзуухайнуудаа хувцас гутал, хүрмэн дотроо нуусан байжээ.
Бялзуухай, шувуунуудыг дуулуулж өрсөлдүүлэг тэмцээн Нью-Йоркийн Брүклин, Күйнс дүүргүүдэд нийтлэг болдог байна. Олон нийтийн газар зохион байгуулагддаг иймэрхүү төрлийн тэмцээнд бялзуухайнууд уран жиргэж үзүүлэх ба хамгийн сайхан дуутай нь түрүүлдэг ажээ. Түрүүлсэн шувуу өндөр үнэд хүрдэг бөгөөд 10,000 ам.доллараар зарагддаг байна.
МакКензи өөрөө уг тэмцээнийг зохион байгуулах сэдэлгүй байсан гэж мэдүүлжээ. Түүнд шувуунуудыг хил нэвтрүүлбэл 3,000 ам.долларын шан харамж амласан байна. Одоогоор уг хэрэгт холбогдолтой өөр сэжигтэн баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.