Барууны орнууд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байгаа энэ үед Бээжингийн зүгээс Москваг дэмжинэ гэдгээ албан ёсоор зарлажээ.
Энэ тухай Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин өнгөрөгч даваа гарагт хийсэн ээлжит мэдэгдлийнхээ үеэр мэдээлсэн байна. Тэрээр "Бид хэт нэг талын хориг арга хэмжээ авахыг эрс эсэргүүцэж байна. Хятад, Орос хоёр улс нь хоорондоо иж бүрэн түншлэлийн харилцаатай. Тиймээс төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалах асуудлаар БНХАУ болон ОХУ бие биеэ дэмжиж ажиллана" хэмээн онцолжээ.
Үүнээс өмнө Хятадын дипломат албаны төлөөлөгч Жао Лижян АНУ-ын зүгээс хэрэгжүүлж буй хориг нь "Ноёрхлын арга хэмжээ" гэж тодорхойлсон бөгөөд дэлхийн бусад хүчнүүд үүнийг эсэргүүцэж байгаа хэмээн тэмдэглэсэн билээ.
АНУ энэ сарын 15-ны өдрөөс эхлэн ОХУ-ын 32 хуулийн этгээд, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авсан. Эдгээр хүмүүс 2020 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдож, мөн бусад ташаа мэдээлэл тараасан гэж тус улсын зүгээс буруутгаж байгаа аж. Түүнчлэн Вашингтон дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын 10 ажилтныг албадан гаргахаар болсон юм.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.