Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар өсөж, 25.1 их наяд төгрөг болсныг Монголбанк мэдээллээ.
Тайлант хугацаанд төгрөгийн хадгаламж 31.5 хувиар өсөж, гадаад валютын хадгаламж 18.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харилцах хадгаламжийн хүүг тэглэсэнтэй холбоотойгоор 2020 онд харилцахаас хадгаламж руу хөрвүүлэлт хийгдсэн байна. Улмаар 2020 онд 70 хувьтай өсөж байсан гадаад валютын хадгаламж огцом саараад байгаа юм.
Тайлант хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсөж, 18.5 их наяд төгрөг болсон байна. Үүнээс төгрөгийн хадгаламж эхний улиралд 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 14.1 их наяд төгрөг болжээ. Нийт хадгаламжийн 23.6 хувийг гадаад валютын хадгаламж эзэлж байна.
Банкнуудын зээлийн өрийн үлдэгдэл жилийн дүнгээр 2.8 хувиар өсөж, 17.5 их наяд төгрөг хүрснийг Монголбанк тайландаа дурджээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болсон байна. Сарын дүнгээр 5.2 хувиар буурсан ч жилийн дүнгээр 11.5 хувиар өсжээ. Мөн чанаргүй зээлийн хэмжээ жилийн дүнгээр 10.2 хувиар өсөж, хоёр их наяд төгрөг болоод байна.
Эдийн засгийн идэвхжилд зээлийн өсөлт чухал ач холбогдолтой, Төв банкнаас 2021 онд эдийн засаг 6.1 хувиар өсөх төлөвтэй байгааг мэдээлсэн юм. Энэхүү зорилтод хүрэхийн тулд зээлийн өсөлт 12 орчим хувь байх шаардлагатай гэж Монголбанк онцолж байв. Урьдчилсан тооцоогоор зээлийн өсөлт энэ онд дунджаар 11.4 хувь байх тооцоог Монголбанк гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.