QR кодтой холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна. Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.
Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлээд буй.
Эмч эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байна гэсэн. Тухайн эмнэлгийн байгууллагын албаны тээврийн хэрэгсэл цагийн хязгаарлалтгүй зорчуулна. Харин эмч, ажилтнуудыг заасан хугацаанд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ч гэсэн заасан цагийн хугацаанд хөдөлгөөнд оролцож, албаны логотой автомашинтай хөдөлгөөнд хэвийн оролцож болно.
Ажлын хэсгээс хэлэхдээ "Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байх шиг байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн байна. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа ба ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.
Мөн Эрүүл мэндийн салбарын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй юм. Тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр дээрх автомашиныг хязгаарлалтад оруулахгүй. Харин хувь хүний эзэмшилд байгаа эрүүл мэндийн салбарын тээврийн хэрэгслийг цагийн зохицуулалтад оруулах зарчим барьсан. Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд зарим зохицуулалтыг хийнэ" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.